Тээврийн тойм 2026.10.26-11.01

Тээврийн тойм 2026.10.26-11.01

Агаарын ачаа тээврийн оргил улирал эхэлж, тарифын өсөлт үргэлжлэх төлөвтэй байна

2026 оны 10-р сарын 26 | Aviation & Air Cargo Logistics

2026 оны аравдугаар сарын 15

Эх сурвалж: Air Cargo Week

Golden Week-ийн амралтын дараа дэлхийн агаарын ачаа тээврийн тариф өмнөх долоо хоногоос 2.1 хувиар буурсан ч өнгөрсөн оны мөн үеэс 24.3 хувиар өндөр хэвээр байна. TAC Index-ийн мэдээлснээр агаарын ачаа тээврийн зах зээл уламжлалт оргил улиралдаа шилжиж байгаа бөгөөд тээврийн багтаамжийн хомсдол, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан тариф дахин нэмэгдэх эрсдэлтэй байна.

Тээврийн багтаамжийн эрэлт нэмэгдэж байна

Хиймэл оюун ухааны технологид зориулсан дата төв, үүлэн тооцооллын дэд бүтэц хөгжүүлэгч томоохон компаниуд оргил улиралд шаардлагатай ачаа тээврийн багтаамжаа бүрэн баталгаажуулаагүй байна. Үүний зэрэгцээ цахим худалдаа болон шинэ бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь тээврийн багтаамжийн төлөөх өрсөлдөөнийг эрчимжүүлж, тариф өсөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Азийн чиглэлүүдийн тариф харилцан адилгүй байна

Хятадаас Европ болон АНУ руу чиглэсэн агаарын ачаа тээврийн тариф бага зэрэг буурсан бол Хонконг болон Өмнөд Солонгосоос гарах чиглэлүүдэд өсөлт ажиглагджээ. Харин Шанхайгаас гарах тариф 2.1 хувиар буурсан байна. Ийнхүү Азийн бүс нутгийн чиглэлүүдэд тарифын өөрчлөлт харилцан адилгүй байгаа ч нийт дүнгээрээ өмнөх оны түвшнээс өндөр хэвээр байна.

Шатахууны үнэ болон олон улсын нөхцөл байдал нөлөөлж байна

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны мэдээллээр тийрэлтэт хөдөлгүүрийн түлшний үнэ өмнөх оны мөн үеэс 111.2 хувиар өсжээ. Энэ нь агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаанд санхүүгийн дарамт учруулж байна. Мөн Ойрх Дорнодын нөхцөл байдал, нислэгийн цуцлалт болон чиглэлийн хязгаарлалт нь тээврийн сүлжээнд нэмэлт хүндрэл үүсгэж байна.
Европоос АНУ болон бусад гол зах зээл рүү чиглэсэн зарим маршрутын тариф өссөн бол Хойд Америкаас Хятад, Өмнөд Солонгос болон Их Британи руу чиглэсэн тариф буурчээ.

Агаарын ачаа тээврийн компаниуд өвлийн хуваарьт бэлтгэж, шинэ чиглэлүүдээ нэмэгдүүлж байна

2026 оны аравдугаар сарын 20 | Эх сурвалж: The Loadstar

Олон улсын агаарын тээврийн компаниуд өвлийн нислэгийн хуваарьт шилжихтэй холбоотойгоор Ази, Европ болон Америк тивийг холбосон ачаа тээврийн чиглэл, нислэгийн давтамжаа нэмэгдүүлж байна. Харин зорчигч тээврийн нислэг цөөрөх зарим чиглэлд ачааны багтаамж буурах төлөвтэй байгаа нь тээвэр зуучлагчдад нэмэлт хүндрэл учруулж болзошгүй байна.

Шинэ чиглэлүүд болон тээврийн боломжууд

Air Canada Cargo компани аравдугаар сарын сүүлээс Торонто хотоос Амстердам, Монтеррей болон Панама хот руу ачааны нислэг нэвтрүүлнэ. Lufthansa Cargo АНУ-ын зарим чиглэлд нислэгийн давтамжаа нэмэгдүүлэх бол Air France, Japan Airlines (JAL) болон Cathay Cargo компаниуд мөн ачаа тээврийн сүлжээгээ өргөжүүлж байна.
Lufthansa Cargo-ийн өвлийн хуваарь аравдугаар сарын 25-наас хэрэгжиж, 40 чиглэлд нийт 88 ачааны нислэгийн маршрут ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн Азиас гарах технологийн бүтээгдэхүүн, хагас дамжуулагч болон дата төвийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн эрэлт нэмэгдэж байгаа нь агаарын ачаа тээврийн чиглэлүүдийг шинэчлэхэд нөлөөлж байна.

Тээврийн багтаамж болон зардлын дарамт нэмэгдэж байна

Өвлийн хуваарьт шилжих үед агаарын тээврийн компаниуд нислэгийн давтамж болон ачааны зай хуваарилалтаа өөрчилдөг. Үүний улмаас өмнө нь баталгаажуулсан ачааны багтаамж буурах, тээвэр зуучлагчид өөр нислэг хайх шаардлага үүсэх эрсдэлтэй.
Олон улсын агаарын тээврийн холбооны мэдээллээр 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын ачаа тээврийн эрэлт өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар өссөн бол тээврийн багтаамж 0.1 хувиар буурчээ. Харин Ази–Хойд Америкийн чиглэлийн эрэлт 13.2 хувиар нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ шатахууны үнэ болон үйл ажиллагааны зардлын өсөлтөөс шалтгаалан зарим компани нэмэлт хураамжаа нэмэгдүүлжээ. Тухайлбал, MSC Air Cargo аравдугаар сарын 16-наас килограмм тутамд ногдуулах нэмэлт хураамжаа ойролцоогоор 35 хувиар өсгөсөн байна.